+(976) 9996 0453 dareinc_l@yahoo.com and vlmcs@yahoo.com

2014-02-02

Шулмын инээд- Зоорь 10 , 11 , 12 -р хэсэг

 

Шулмын инээд- Зоорь төгсгөлийн 10 , 11 , 12 -р хэсэг шууд сонсохоор

2014-01-31

Шулмын инээд- Зоорь 1 , 2 , 3 -р хэсэг

 

Шулмын инээд Зоорь 1 , 2 , 3 -р хэсэг сонсохоор мэдээж энэхүү өгүүллэгийг сонсож байгаагүй залуус гэж бараг байхгүй байх тэгвэл залуусаа дахиад нэг сонсоод үзээрэй...

 

2014-01-27

Айдсын хот



Хот тэр аяараа тас харанхуй мэт санагдана. Эргэн тойрон хангалттай гудамжны гэрэлтүүлэг байхад л тэгж санагдаж байгаа нь гагцхүү миний сэтгэлийнх мэт. Гэвч эргэн тойронд үл үзэгдэн сүүмэлзэж байснаа гэнэт хаа нэгтээ харанхуй булангаас үсрэн гарч ноцох зомбинуудаас л болоод тэгж санагдсан байх. Хот тэр аяараа зомбитой тэмцэж бас залхаж гүйцжээ. Өнөөдрийн сонин дээрх материалыг эргэн санав. Цагдаагийн газрын нэгэн томоохон албан тушаалтан өгсөн ярилцлагадаа цагдаагийн бие бүрэлдэхүүн зомбиг устгаж нэгэнт дийлэхгүйд хүрсэн жирийн иргэдээс бүрдсэн устгалын тусгай анги шаардлагатай байгаа тул эрчүүдийг саналаараа энэхүү ангид элсэн орж туслалцаа үзүүлэхийг гуйсан байсан. Харин хотын иргэд тэднийг хотоос зайлуулж, амар тайван хүн шиг амьдрах боломж олгохыг хүссэн хэвээрээ.

Хотын өрх бүрийн нэг иргэн цагдаагийн зомби устгалын ангид ажиллах тухай хууль. Шинэ хуулийн төсөл төв хэвлэлээр гарсан, хотын иргэд дуу нэгтэйгээр дэмжсэн удахгүй батлагдах байх. Иргэд залхуу, биеэ нөөсөн арчаагүй зангаа аль хэдийнээ гээсэн ажээ. Эрчүүд нь устгалын үндсэн албанд харин бүсгүйчүүд нь арын албанд хангамж, зэвсгийн үйлдвэрлэл, мэдээлэгч гээд л салбарлаж ажиллана. Ганц авах зүйл гэвэл хотод хэрэг зөрчил огт гардаггүй болсон зөвхөн авто ослын хэрэг гэсэн хэлтэс л үлдсэн. Авто ослын хэрэг дэгдээгч нь зөвхөн улигт зомби байх учир тэрхүү хэлтэс мэдээллийн дагуу хүрэлцэн очиж хохирогч иргэдэд тусламж үзүүлэн автомашиныг зайлуулж замыг чөлөөлнө. Гэмт хэрэггүй хот боллоо гээд ямар нэмэр байх билээ. Хотод одоо хулгай дээрэм, танхай гээд ямар ч гэмт хэрэг гарахаа больсон нь сайхан хэдий ч хүн бүр амиа хамгаалах, зомбиг устгах ганцхан зорилготой нэгдсэн энэ үед гайхах зүйл огтхон ч биш гэж бодогдоно.

Сар тутам нийт хэдэн хүн ор сураггүй алга болсон тухай иргэдэд телевизээр нээлттэй зарлана. Бас хэдэн зомбиг устгасан тухай баримтын хамтаар. Харамсалтай нь алга болж буй хүнээс устгагдаж буй зомбинуудын тоо ямагт бага байдаг нь ганц миний ч бус хүмүүсийн айдсыг улам ихэсгэсэн хэвээр. Мэдээллийн төгсгөлд нийт хэдэн иргэд шинээр устгалын ангид элсэн орсон болон шинээр туршиж буй зэвсгүүд үйлдвэрлэлийн явцын тухай танилцуулахад дахиад л гайтай зомбинуудаас салах итгэл найдвар төрүүлнэ. Зомби устгалын ангид онцгой гавъяа байгуулсан залуусыг шагнаж, шууд нэвтрүүлгээр оролцуулна. Охид утасдаж дэмжиж, баяр хүргэж зарим нь бүр танилцах хүсэлтэй тухайгаа шууд нэвтрүүлгээр зарлах нь хөгжилтэй ч юм шиг.
Зомби аймаар, кинон дээр гардаг сүг дүрс нь яг тэр хэвээрээ. Харамсалтай нь тэд удаан биш хурдан шаламгай хөдөлгөөнтэй, ямар ч жирийн хүний багтаж үл чадах нүх хонгилоор чихэлдэн орж алга болох нь биеийнх нь хамаг яс хайлан урссан юм уу гэлтэй. Бас нилээдгүй өндөрт үсрэлдэж чадах нь гайхалтай. Зомбинууд өдөр бүр ихсэж байх мэт санагдана. Арван жилийн бага ангийн хүүхдүүд нисдэг зомби харсан хэмээн бие биеэ айлгана, бас бүх зомбиг устгах гайхалтай багаж зохион бүтээлээ хэмээн мөрөөдөнө. Азаар тэд нисдэггүй гэхдээ одоохондоо. Өдрийн цагаар хотыг амьдрал хэнбугайг ч харсан атаархмаар нам тайван баяр цэнгэл дүүрэн үргэлжилнэ. Учир нь зомби хэзээ ч өдрийн цагаар нарны гэрэлд хэзээ ч гарч ирэхгүй, тэр бүү хэл үдшийн гэрэлд ч гарч ирж үл зүрхлэх хулчгар амьтас. Гэхдээ үдшийн гэрэлд ганцаараа яваа хэнбугайруу ч болов дайрах тохиолдолд олон гарсанаар нар жаргасанаас хойш ажилтнуудаа хүргэж өгөх хамгаалалтын автобус, дуудлагын цөөн такси эсвэл устгалын ангиас өөр зүйл гудамжинд үл үзэгдэх нь хууль болжээ. Энэхүү гудамжний хуулийг зөрчсөн хүмүүс нь алга бологсдын тоог нэгээр нэмнэ.

Цагдаагийн газар, тагнуулын төв газруудын хамтарсан алба хичнээн ч удаа шалгах гэж оролдоод зомбинуудыг хүмүүсийг хэрхэн авч явж, хаана аваачиж өөрийн адил зомби болгож буйг одоо болтол мэдэж чадаагүйдээ иргэдээс илүү ихээр шанална. Хүн ор сураггүй алга болно, хувцасны тасархай, хэрэглэж байсан эд зүйл, цусны дусал гээд юухан ч үлдээлгүй ор мөргүй алга болцгоож байлаа. Хамтарсан шалгалтын албаны хэд хэдэн залуус хотынхоо иргэдийн төлөө, гэр бүлийнхээ төлөө сайн дураар золиос болохыг зөвшөөрсөн. Хотын алслагдмал гэрэл багатай орчинд хэд хэдэн удаа отолт хийж үзсэн билээ. Ганцаараа зориглон үлдээд харанхуйд өрөвдмөөр сүүмийх залууг зомби довтолсонгүй. Залуугийн амийг аврах бус зөвхөн түүнийг хэрхэн яаж зомби болгохыг мэдэх, хааш нь яаж авч явахыг харах л зорилго агуулж байлаа. Хамтарсан алба хэд хэдэн удаа отолт хийж хамгийн сүүлд нь нэгэн бүсгүйгээр урхи хийж үзсэн. Хөөрхий бүсгүйгийн ар гэр зомбигийн гайгаар сүйрсэн ажээ. Тэрхүү зоримог бүсгүй шууд нэвтрүүлэгт оролцож дуусаад л отолтонд явахад хотын иргэдийн нулимс өөрийн эрхгүй урсаж байсан. Зоригт бүсгүйг урхи болгон тавиад урдын отолтоос хол илүү зохион байгуулалт нууцлалтай отолт хийсэн боловч бас л амжилтгүй боллоо. Зомби зальтай бас зохион байгуулалттай ажээ.

Ийнхүү түүнийг устгахаас бус хүнийг хэрхэн яаж хулгайлан авч зомби болгож буй нь нууц хэвээрээ үлдэж байгаа нь гунигтай. Тэр өдрөөс хойш зомбиг зурагт үздэг байх гэсэн цуурхал ам дамжин тархсан. Магадгүй ч юм билүү.

Хаалга онгойлгох агшинд ухасхийн дайрсан зомбинуудад хэд хэдэн хүн ноцуулсанаар бүх байр байшингийн хаалга, үйлдвэрлэл үйлчилгээний 1-р давхрын нүүрэн талыг тэр чигээр нь шилээр хийх шийдвэр гаргасан нь оновчтой хэдий ч эвгүйцмээр. Учир нь зомби шилний цаанаас тусах гэрлээс айдаггүй, хэрхэн ялгаж чаддагыг нь мэдэхгүй ч тэд бөөн бөөнөөрөө үсрэн ирж ойролцоо зогсох хүнрүү дайрах бөгөөд цонх хаалганы зузаан шилэн хаалтыг мөргөн доош гулган унацгаах нь туйлын зэвүүн үзэгдэл. Бидний айдас, тэднээс жихүүцдэгийг тэд хэдийнэ мэддэг бололтой. Тийм дээ ч тэд оройн цагаар шилэн хаалтуудыг мөргөн дайрч ойролцоох хүмүүсийн эвгүйцүүлнэ. Хэдийгээр нэвтрэн орж ирж чадахгүйг нь мэдэж байгаа ч гэлээ, тэднийг өөрсдийнх нь зүг үсрэлдэж байгааг харсан хүмүүсийн дотор өөрийн эрхгүй зарайн эвгүйцнэ. Баар цэнгээний газрууд ажиллах нь хэвээрээ боловч согтууртал уусан хүн тэнд байхгүй, харин албан газруудын хүлээн авагч болон харуул хамгаалалтууд нь аль нэг талдаа бус байрныхаа тэг дунд байрлах нь заншил болоод нэгэнт уджээ.

Ажилдаа дарагдсаар суусны дараа гэнэт хамгаалалт бүхий ажлын автобус нэг л мэдэхэд явж ганцаар үлдсэнээ мэдлээ. Үүдний харуулын дэргэдээс такси дуудчихаад хүлээх зуураа ажлынхаа шилэн хаалгаар гадагш харан зогслоо. Гадаа хавар цагийн анхны бороо зөөлөн шиврэн орох нь үдшийн гэрэлтүүлэгт зүсэрч харагдаад, агаар бодвол хачин сайхан байгаа нь мэдээж. Харамсалтай нь такси иртэл хаалга онгойлгож болохгүй, учир нь гудамж гэрэлтэй хэдий ч эль хуль байгаа болохоор хаа нэгтээ муур адил гэтчихсэн байгаа өөдгүй зомби хаалга онгойлгох төдийд л холоос үсрэн гарч дайрах нь гарцаагүй.

Ажлын үүдэнд тулган зогсох таксиг хараад хамгаалалтын ажилтан намайг гаргаж хаалга дангинатал түгжиж авахаар зэхэн хаалга тийш зүглэн ирэв. Түүнийг хараад хэдхэн сарын өмнө хамт ажиллаж байсан боловч одоо сэтгэл мэдрэийг эмнэлэгт амчлүүлсээр буй хамгаалалтын ажилтан залууг өөрийн эрхгүй дурсав. Тэрхүү залуу хэдийгээр хариуцлагатай ажилтан боловч ихээхэн сахилгагүй араншинтай байсан билээ. 3 сарын өмнө өөрөөсөө болсон нэгэн тохиолдлын улмаас тэр араншин нь ор мөргүй алга болж дуугүй ноомой төрх бүхий өөр хүн одоог хүртэл амналэгт хэвтсаар байгаа. Тэрээр өөрийнхөө харуулын ээлжтэй шөнө хамт харуулд гарсан нэгэн залууг ятгасаар 2 давхрын амралтын өрөөнд 1 цаг унтуулахаар явуулж дөнгөжээ. Ингээд сониуч зандаа хөтлөгдөн гэртээ дууриалган хийсэн зомбигийн дүр бүхий багийг толгойндоо углаад цээжиндээ ноорхой хувцас эгэлдэрч орхиод шилэн ханандаа тулж нүүрээ наагаад эргэн тойрноо харж гарчээ.

Тун удалгүй хаанаас ч юм 2 зомби гарч ирж шилэн хананы цаанаас түүнийг хэсэг харан алмайрч зогсох нь түүнд ихэд таалагдсан бөгөөд сахилгагүй зангийнхаа эрхээр 1 давхрын голд байрлах хүлээн авах хэсгийг тойрон дээр дээр дэвхэрч бүр ширээн дээр авиран гарч хэсэг бүжиглэсэнийхээ дараа газарт бууж эргэн тойрноо харсаныхаа дараа бүрэн шоконд орсон байлаа. Тэрхэн богинохон хугацаанд ажлын маань байрыг тойрон 200-300 зомби бүлэглэн цугларсанаар үл барам шилэн хананы цаана зай завсаргүй овоороод, сэжиг хүрмээр хүнгэнэсэн авиа гарган тал бүрээс нь зэрэг зэрэг уулгалан дайрч шилэн хана тэр чигээрээ тэдний үхээрийн цусаар бүрхэж байлаа.

Тэрээр өөрийн эрхгүй багаа хуу татан авч устгалын ангийг дуудахаар утасруу сарвайсан боловч чичрэн салгалах гар нь хэрэгтэй дугаараа цуглуулж чадсангүй. Нэгнийхээ ятгалаганд орж түр амрахаар явсан залуу битүүхэн нүжигнэсэн сонин чимээгээр сэрж нэг л биш боллоо гэдгийг ухааран доош харайлган 1 давхарт очсоноор тэрхүү аймшигт үзэгдэлтэй нүүр тулан уулзжээ. Хэргийн эзэн биеэ барих чадвараа бүрэн алдаад ширээ налан ухаан жолоогүй уйлж суух ажээ. Мөнөөх залуу тэр даруй устгалын ангид бодит байдлыг дамжуулсан бөгөөд устгалын анги онцгой түгшүүр зарлан бүр эргүүлийн алба болон ээлжийн амралттай байсан устгагчдыг онцгой бүсрүү дуудан илгээснээр ойрд болоогүй томоохон тэмцэл зомби болон устгалын ангийн хооронд өрнөсөн түүхтэй.

Хэдийгээр нөгөө залуу нь сэхэл алдалгүй устгалын ангийг дуудаж чадсан боловч харамсалтай нь ажлаас хүсэлтээр гарах өргөдлөө өгөн албанаасаа халагдсан билээ. Тэрээр бас л сэтгэлийн гүн дарамт цочролд өртсөн байсан. Хэрэг гарсан өдрөөс хойш 2 хоногийн дараа манай ажил хэвийн үргэлжилж эхэлсэн бөгөөд бид нар хамгаалалтын камерын бичлэгээс энэ бүгдийг үзсэн сэн. Зөвхөн үзэх бичлэг төдийд л дотор муухайрч, хөлс чийхарсанаар ихэнх нь бүрэн үзэж чадаагүй орхисон.

Энэ бүхнийг эргэн санах зуур таксины жолооч хамгаалагч 2 хурц гэрэл гялбуулсан гар чийдэн барьсаар гадаах хаалга онгойлгон намайг тосон авч таксинд суулгалаа. Би хамгаалагчаас гуйсаар хаалган талд нь суулаа хамгаалалтын такси бүр 2 хаалгатай нэг нь жолооч суух, нөгөө нь зорчигчоо суулгаад наад талд нь хамгаалагч суух хаалга. Харин шил нь тусгай даруулаар дээш доош өргөгддөг тэр янзаар. Хотын гудамжаар сүүн гэрэл гийж, анир чимээгүй нам гүм байх бөгөөд хааяа нэг хажуугаар дуудлагын такси сүнгэнэн зөрөлдөнө. Шөнийн гудамжаар олонтаа явж дассан хамгаалагч жолооч 2 огтхон ч ажрахгүй хоорондоо хууч хөөрч хөгжилдөн инээлдэнэ. Яагаад ч юм өнөөдөр сэтгэл ихээр догдолно, ямар гэм хийсэн гээд би хаврын анхны бороотой үдшийг чийглэг зөөлөн агаарыг цээж дүүрэн амьсгалж болохгүй гэж. Би хүсч байна. Ганцхан удаа цонхоо үл ялиг доошлуулж завсраар нь цээж дүүрэн амьсгалаад буцаагаад хаачихад ямар гэм учрах билээ.

Хамгаалагчийг яг гар утсаа аван дуудлагад хариу хэлэн ярилцаж анхаарлаа сарниулах тэрхүү агшинд анзаарагдалгүйгээр гараа явуулан товчлуурыг үл ялиг доошлуултал, бурхан минь үгээр дүрслэн илэрхийлэхийн аргагүй таатай чийглэг зөөлөн агаар борооны хэдэн дуслыг агуулсаар сэнгэнэн орж ирлээ. Хаврын урьхан агаараар цээж дүүрэн амьсгалахад хичнээн жаргалтай, жижигхэн завсраар шургалан орж ирэх борооны цөөхөн дуслууд нүүрэн дээр минь салхины аясаар шидлэх нь учиргүй таатай.

Исгэрэх мэт аяархан хахирган дуугарах мэт хачин эвгүй чимээ чихэнд гэнэт сонсогдохтой зэрэгцэн пид хийх чимээ гарч цусаа дуслуулсан аймшигт зомби таксины зузаан шилэн цонхыг үзлийн муухай нүүрээрээ мөргөх нь тэр. Цонхонд наалдах шахаад нүдээ анисхийн агаар залгин жарган сууж байсан миний бие дэндүү гэнэтийн энэ дайралтад цочирдох айх зэрэгцэн түүнээс ялгаагүй муухай дуугаар хашгиран ориллоо. Аймшигт зомбигийн үзлийн хуруу цонхны завсараар самардан орж ирэх харагдахуйд улам нугдайн суугаад нүүрээ даран эрхгүй хашгирсаар л байлаа. Азаар хамгаалагч самбаатай ажээ, магадгүй чамгүй туршлагатай нь илт. Яах ийхийн зуургүй миний өмнөөр гялс хийн зузаан савхин бээлийтэй гараараа цонхны завсраар сарвалзан ахих хурууг шаржигнатал хугалан цааш түлхээд цонхны шилийг бушуухан гүйцээж хаахдаа гар нь өөрийн эрхгүй чичирч байлаа. Зомби хурдан гэдэг нь даанч үнэн ажээ. Хурдтай давхих таксины хойноос том том үсрэн арын цонхыг хоёр гурав хүчтэй алгадаад чихэрсан муухай дуун түгээсээр зам дээр сүүдийн хоцорлоо. Замын хажуугаар өтгөн ургасан моддын доорхи өчүүхэн сүүдэрт атирсан өөдгүй зомби хажуугаар өнгөрөх таксины нээлттэй өчүүхэн хэсгээр хүний үнэр үнэртээд ухасхийн үсрэн довтолсон нь тэр байж. Арай чүү би хашгирахаа зогсоож өндийн суулаа. Айсандаа бараг л суудлаасаа гулсан шаланд наалдах шахжээ.

Жолооч хурдаа хасалгүйгээр таксин доторх гэрлийг нэмэхэд хамгаалагч бид арай л тайвширч бие биеийнхээ өөдөөс харан инээмсэглэхтэйгээ болов. Намайг одоохон сайтар загнах гэж буй нь илт бөгөөд бас ч үүргээ биелүүлж амжсандаа хангалуун. Хамгаалагч савхин бээлийгээ тайлан ариутгасан уутанд савлаад дахин шинийг гарган өмсөх гэснээ царай нь цайран зог туслаа. Өрөөсөн савхин бээлийн дээр хэсэг том цусан дусал байх нь тэр. Надруу тэрээр мэргэжлийн ажигч харц чулуудан нүүррүү хурц чийдэнгээ дахин тусгав. Нүүр гарны чинь ил арьсанд зомбигийн цус хүрсэн үү хэмээн сандарсандаа үл мэдэг сөөж өөрчлөгдсөн дуугаар хашгиран асуухтай зэрэгцэн жолооч тэр дороо шууд замаа өөрчлөн шинжилгээний нэгдсэн төвийн байрлуу зүглэх нь тэр.

Жолоочийн дотоод холбоогоор дамжуулсан мэдээг хүлээн авсан шинжилгээний төвийн хүлээн авахын үүдэнд хамгаалалтын хувцас өмссөн 2 эмч, намайг хянах үүрэгтэй болтой хоёр хамгаалагчийн хамтаар хүлээн авч шинжилгээний хэсэгт аваачив. Сувилагч нь битүү цагаан өмсгөл өмссөн хэдий ч ааш зан сайтайн дээр хүнийг тайвшруулах увьдастай нэгэн юм. Тайлбарлуулж дуусаад босоход намайг эмч нарыг баг хүлээж байлаа. Ингээд шинжилгээ эхэллээ.

Дараа нь тусгаарлалтын өрөөнд оруултал 2 харгалзагч этгээд үүдэнд манаж эхлэв. Одоо 2 цаг хүлээх хэрэгтэй гэнэ. Халдвар авсан хүмүүсийг тэр дор нь хүчтэй вакцинаар тарьж, нойрсуулах бодисоор унтуулаад устгалд оруулна. Тэд ч үзэн яддаг зомбитой адил болохгүйн тулд аль болох хурдан устгалд оруулахыг гуйцгаана. Халдвар авсан хэн ч болов амьд үлдэхгүй. Халдвар бол халдвар, хүнд хөнгөн гэж байхгүй. Бурхан минь, бурхан минь шинжилгээний минь хариу эрүүл гараасай. Хэдийгээр би халдвар аваагүй байх гэж өөртөө хичнээн ч итгэлтэй байсан гэлээ, тусгаарлагдсан өрөөнд шинжилгээний хариуг хүлээн суухдаа өөрийн эрхгүй дагжтал чичрэн суулаа, уул нь би аймхай хүн биш л юм сан. Нүүрэнд хаа нэгтээ өөдгүй амьтасын ул мөр дусаж орхисоныг нь би нүүрээ даран хашгирахдаа арчиж орхисон бол яах вэ. Хэрвээ шинжилгээний хариу эсрэг гарвал би 3 цагийн дараа үлдэгдэлгүй устгагдах болно, ор мөргүйгээр. Гэхдээ үзэн яддаг зүйлсийнхээ нэг нь болчихоод хотын гудамжаар харанхуй шөнөөр тэнүүчлэхгүй, хэн нэгнийг айлгаж түйвээхгүй нь хэмээн сэтгэл арай онгойх хэдий ч. Амьдралын тансаг амтыг 2хон цагийн дотор бүрэн үнэлж мэдэрсэнийхээ дараа ор мөргүй тоос болон хувирна гэдэг юутай эмгэнэлтэй.

Ариутгасан иж бүхэн хамгаалалтын хувцастай 2 эмч тусгаарлалтын өрөөний хаалгаар орж ирэхэд миний зүрх дэргэдэх хүнд чөлөөтэй сонсдохоор түгшүүр дүүрэн цохилж би өөрийн эрхгүй суудлаасаа бослоо. Харин өндөр тунтай унтуулах тариа бүхий тариуртай буугаар зэвсэглэсэн 2 биерхүү хамгаалагч намайг босохтой зэрэгцэн буугаа онилон өөдөөс зогслоо. Нэг эмч нь тэдний дэргэд яаран очиж буунд нь хүрч нэгэн зүйл шивнэхэд миний хөл өөрийн эрхгүй нугаран би сууж байсан зөөлөн буйдан дээрээ суух ч гэж унаад өглөө. Устга . . .

Ингэж л шивнэсэн гэж би дотроо бодоод унаад өгсөн билээ. Намайг унахтай зэрэг нөгөө эмч нь миний дэргэд гүйн ирж амны хаалтаа авахад л би халдвар аваагүй юм байна хэмээн итгэж, биеэр амьд халуун цус гүйх маань өөрт мэдэгдэж эхэллээ. Тиймээ азаар би халдвар аваагүй байжээ. Шивнэж яриа ч үгүй юм байж, зүгээр л тарих хэрэггүй халдваргүй байна хэмээн ердийн өнгөөр хэлсэнийг дэндүү айсан миний чих шуугиад сонсоогүй төдийгүй харин ч устга хэмээн хий үг дуулсан нь тэр байжээ. Тусгаарлах өрөөнөөс гарлаа. Амрах өрөө. Халуун кофе уух уу, юу уух вэ амарч тайвширч энэ тасалгаанд хонож ч болно, хүсвэл хоол захиалгаар хийж өгье. Би зөвхөн харихыг л хүсч байлаа. Би амьдралын амтыг жинхэнэ утгаар нь ердөө өнөөдөр мэдэрч авлаа. Амьдралын хором бүр юутай үнэ цэнэтэй.

Үүдэнд гартал надаас дутуугүй зэвхий царайлсан жолооч, хамгаалагч 2 хүлээлгийн танхимын сандал дээрээс илт царай нэмэн босч ирлээ. Би тэднийг хүргэж өгсөн дороо буцаад ажилдаа гарсан байх гэж бодож байсан. Гэтэл тэгсэнгүй. Тэд зөвхөн өөрсдийгөө буруутгаж, миний төлөө сэтгэл зовсоор шинжилгээний хариуг тэсэн ядан сууцгааж байсан аж. Хүмүүс зөвхөн хариуцлагатайгаас гадна хар амиа бодохгүй хүн чанартай хэвээр байгаад нь баярлана.

Гэртээ орж орон дээрээ тэрийн хэвтлээ. Нөгөө ертөнцөөс дөнгөж сая амь мултран гарч ирсэндаа өөртөө туйлын ихээр баяр хүргээд тухлан хэвтээд бүрэн тайвширч амжаагүй өөртөө туслахаар зурагтаа асаалаа. Нилээд алдартай зомби судлаач эрдэмтний шууд ярилцлага хотын бүх телевиз болох 3 өөр сувгаар шууд цацагдаж байлаа. Энэхүү эрдэмтний хичээл зүтгэлийн ачаар зомбигийн довтолгооноос хамгаалах арга олныг нээсэн билээ. Тэрээр шилэн хаалга, хаалтууд хийх санаачлагыг анх гаргасан бөгөөд зомбиг аливаа зай завсараар шургалахаас бус ямар нэгэн түгжээг тайлж чаддаггүйг анх нээсэн бөгөөд түүний ачаар давхар давхар олон хамгаалалт гаргах үргүй зардлаар сэргийлж чадсан бөгөөд хотын иргэд түүний үг зөвлөгөөг анхааран дагадаг нь батлагдаагүй хууль адил болсон сон. Анхааралтай сонслоо. Зомби одоо цоож тайлж сурах бас багаж гартаа барьж шилэн хаалт эвдлэхээр суралцаж байгаа гэж үзэх үндэслэл. Тэд энд манай хотын хүн туслаж байгаа гэж үзэх таамаглал надад байна. Хүн, бүр цоо эрүүл амьд хүн. Харин яагаад гэдгийг даанч мэдэхгүй нь харамсалтай. Би судлагааны багийнхныхаа хамтаар зомбиг цоож эвдэх гэж оролдож буй 2 дах тохиолдолтой таарлаа. Энэ явдлыг зогсоох хэрэгтэй, тэр хүнийг нэн даруй олж устгах хэрэгтэй . . .

Би өөрийн эрхгүй дахин дагжин чичрэв, тэр олон зомби гартаа зэвсэг барьвал шилэн хана хаалтуудаас маань юу үлдэх билээ. Айдас, бас дахин айдас, амьд үлдэх их хүслэн намайг зэрэгцэн эзэмдлээ. Арайхийн өглөөний нар мандахыг харлаа, энэ хотод дагжин чичирч амьдрахгүй, дахин сэрэхгүй унтах тухай шөнөжин бодсон ч өглөөний нар мандахыг насан эцэслэтэл харах хүсэл маань эрхгүй дийлэв. Гэвч тэр ярилцлагын дараа зөвхөн би бус, хот даяар айдаст автсан байжээ. Өглөө сэрэхэд гэрээр нь дүүрэн зомби тэнэж байгааг харахгүйн тулд хотын маш олон иргэд урд шөнө сайн дураар энэ хорвоогоос явсан байв. Ихэнх иргэдийн тэвчээрийн хязгаар төгсгөлдөө хүрсан байсан бололтой. Тиймээс ч өглөө хот даяар түгшүүр зарласан байлаа. Энэ нь манай хотын магадгүй сүүлчийн түгшүүр ч байж болох. Дахин шууд нэвтүүлэг эхэллээ, энэ удаа онц аюултай түгшүүрийн нэвтрүүлэг байсан. Амьд үлдсэн бүх хүн нэвтрүүлгийн үг бүрийг шунан сонсоно. Ажиллах нэн шаардлагатай үйлдвэр үйлчилгээний газруудаас бусад бүх албан газрын үйл ажиллагаа зогслоо.

Үлдэгсэд сүүлчийн хүчээ дайчлан зомбитой тэмцэх хэрэгтэй болжээ. Тэднийг цоож эвдлэж, гартаа багаж барьж сурахаас нь өмнө. Хотыг эзэлсэн айдас хэдий хүчтэй ч, үлдсэн иргэдийн ялалтыг хүссэн сэтгэлийн галыг унтрааж дийлсэнгүй.

Бие засах өрөөний буланд суудаг бяцхан охин

Жихүүдэс хүрмээр эл бяцхан түүхийг жирийн хүн ярьсан болохоор итгэх эсэх нь таны хэрэг билээ. Баатар Орхон аймгийн иргэн л дээ. Хааяа хот орж ирдэг ажилтай нэгэн юм. Түүнтэй тун саяхан тааралдаж дээрх сонирхолтой яриаг сонссон билээ. Тэрбээр ганц бие агаад миний л мэдэхийн хориод жил тийнхүү яваа нь нэг л зожигдуу санагдах бөлгөө. Үргэлж биш ч хааяа хот орж ирэхээрээ найз нөхөдтэйгээ уулзан ганц нэг “100” татдаг бөлгөө. Орхондоо нэг бяцхан хувийн аж ахуй эрхэлдэг гэх. Тэр нь түүнд яг тохирдог тул томруулж барилгүй тэр чигт нь аваад явдаг юм байна. Хүнээс нэг их дээш гардаггүй ч хэнээс ч, юугаар ч дутдаггүй нэгэн байдаг даа. Тэр яг тийм нэгэн бүлгээ. Эрдэм ном, шинжлэх ухаан гээд нэг их шальдаггүй ч дунд боловсролтой хүн юм. Шашин машин гэж ч бас нэг их ярихгүй. Харин нэг тохиолдлоор Христийн сүмийн цуглаанд очсоноо үе үе сонирхуулан ярьдаг билээ. Сайндаа ч биш. Олон жилийн өмнө хотод байхдаа нэг өглөө их эрт Варьете чуулгын байраар орж л дээ. Ням гараг байсан юм байх. Уг нь теннисний тэмцээн болох сургаар очтол өдрийн 11.00 цагт эхэлнэ гэж жижүүр нь хэлжээ. Тэгээд хаачихаа ч мэдэхгүй зогсчээ. Тэр үед өглөөний 09.00 цаг болж байсан юм байх. Тэгтэл гэнэт түм түжигнээд эхэлжээ. Ямар нэг юм болох нь гэж бодоод асуусан чинь “Ертөнцийн эзэн”-ий цуглаан болно гэжээ. Ингээд зүгээр суухаар зүлгэж суухын үлгэрээр ороод явчихаж. Урилга, заллага гэхгүй санаа амар юм гэнэ. Тэгтэл нэг солонгос нөхөр гарч ирээд номлож гарчээ. Ертөнцийн юм бүхнийг бурхан бүтээсэн бололтой байж. Эхлээд Адам гэх эр хүнийг бүтээсэн талаар баахан ярьжээ. 



Тэгээд дараа нь Адамд хань хэрэг болсон учраас хавиргыг нь тайрч аваад Ева гэдэг эмэгтэй хийж орхисон юм байх. Тэрийг нь сонсоод шал дургүй нь хүрээд явчихжээ. Тэгээд ч тэр талаар өөрөө ч бүрэн бүтэн ойлголттой байсан биш дээ. Арван жилд байхад “Хүн сармагчнаас үүссэн”, Энгельсийн “Хөдөлмөр хүнийг бий болгосон” төдий л мэдлэгтэй байсан юм чинь дээ. Хүний хавиргаар хүн хийгээд байхдаа яахав гээд гарах гэтэл зохион байгуулагч хүүхэн нь “Та түр хүлээгээч. Есүсийн цусны дусалтай дарс амсаад явахгүй дээ” гэхээр нь гайхаад хоцорчээ. Төд удалгүй тэнд үйлчилж байсан охид бөөн дарс гаргаж ирээд өрчихжээ. Тэгээд хундагалаад л тэнд байсан бүх хүмүүст бариулсан байна. Мань хүн 20-иод охид, бүсгүйчүүдийн дунд ганцаараа зогсч байжээ. “Аминь” гээд л тулгаад уух болоход өнөө жаахан охид, бүсгүйчүүд амсах төдий болоод л бариад зогсчихжээ. Мань эр өөрийнхийгөө дор нь илгээчихсэн болохоор нөгөөдүүлийн өгсөнийг бүгдийг нь туучихаж. Тэгтэл гэнэт толгой нь эргээд маналзаад явчихгүй юу. Хорин томоохон шилэн хундаганы их зоо дарс барагцаагаар хоёр литр орчим болно биз. Тэгээд ч огцом уучихсан тул толгойд нь гараад ирэлгүй яав гэж. Тэгээд гараад явчихжээ. Яагаад энийг дурсаад байна вэ гэхээр тэр шашингүй хүн гэдгийг нь л нотлох санаатай юм аа. Тийм хүнд чинь хий үзэгдэл энэ тэрийн талаар ямар ойлголт байхав дээ. Тэр талаар хамгийн сонирхолтой хэсгийг одоо л өгүүлэх гэж байна даа. Овоо бизнес хийж хэдэн төгрөг олоод хоёр эмэгтэй дүүгээ гайгүйхэн өөд нь татчихаад өөрийгөө бодохоор Орхон аймгийн төвд ганц өрөө байр авахаар шийджээ. Мөнгө нь бэлэн тул нэг их зовсонгүй. Харин ч “Сэлэнгэ” зочид буудлын дэргэд нэгэн байрны нэгдүгээр давхрын нэг өрөө байрыг тун түвэггүйхэн өөрийн болгожээ. 

Тэндхийн нэг өрөө байрыг бодвол нэлээд хямд байсан нь гайхаш төрүүлсэн ч авчихжээ. Ханыг нь нэвт цохиж өргөсгөөд ямар нэг “юм” нээчихсэн ч болохоор санагдаж л дээ. Тэгээд байрандаа ороод тохижоод авсан байна. Ням гарагийн оройхон нүүж орсон болохоор хамаг юмаа янзалсаар байгаад үдэш болгочихжээ. Ёстой юм санаагүй байна. Ингээд шинэ байраа аминдаа мялаахаар бас оройн хоол идэхээр хажуугийн ресторанд ороод цаг гаруй суужээ. Хоол идэж, 200 грамм орчим хатуу юм татаад 2-3 шил шар айраг шимчихээд бага зэрэг манарсан амьтан ороод иржээ. Ер нь ингэсхийгээд амардаг юм бил үү гэж бодоод зурагтаа асааж, бага дуун дээр нь тавьчихаад тамхиа татаад суужээ. Багагүй юм балгачихсан болохоор дотор нь зүйлийн бодол төрж эхэлжээ. “Өдий насанд ганцаар дэмий юм. Ханьтай бол юу боллоо гэж ингэж суух вэ? Ер нь нэг “цайны хүн” боддог ч юм бил үү? Насыг ингэж бараад юу хийх билээ дээ. Одоо ч юундаа санаа зовох билээ” гэх шүү юм бодчихоод бие засахаар шийджээ. Санаанд ч оролгүй суултуур дээрээ суугаад тамхиа татангаа биеэ хөнгөлж гарчээ. Гэнэт тамхиныхаа үнсийг яах билээ хэмээн бодохуй дор чанх өмнөөсөө харсан булан руу хараад хөшиж орхижээ. Ердөө л тэндээ царцчихаж. Яг өмнөөс нь хараад тохойн чинээн охин инээвхийлэн сууж байжээ. Нэг мэдсэн чинь хар байдгаараа том өрөөндөө гүйгээд ороод ирсэн байжээ. Хамаг бие нь дагжиж чичрээд хачин гэнэ. “Би юу харав аа? Арай хий үзэгдэл баймааргүй юм. Ер нь хий үзэгдэл, буг, чөтгөр байдаггүй гээ биз дээ. Арай архины халуунд “юм” харсан биш байгаа” гэж бодоод хэсэг суужээ. 


Хүйтэн хөлс нь дааварлаад суугаад байж. Хоёр охин дүү, хүргэнүүддээ хэлдэг юм бил үү гэж бодсон ч юмны туханд хүрэлгүй элдвийг яриад яахав гэж санаад түрдээ таг дуугүй байхаар шийджээ. Ингээд зүрхээ жаал чангалж байгаад дахиад сэмхэн шагайжээ. Харин тэр удаа юу ч харагдсангүй гэнэ. Тэгнэ ээ, тэр гэж бодоод “Хий юм харж л дээ. Ёох, зүрх амаар гарчих шахлаа. Ямар аймаар юм бэ?” гээд тайвшрахын тулд гарч “100” татахаар явжээ. Мөн л нөгөө ресторандаа орж ганцаараа нэмж уусаар байгаад бараг тасардагийн даваан дээр арайхийж гэртээ орж иржээ. Нэг л мэдэхэд өглөө болчихсон байжээ. Нар мандчихсан тул юунаас ч айх билээ. Босч бие засаад нүүр гараа угаан, цай уугаад гадуур гарч ажлаа амжуулжээ. Тэгэхдээ л өнөө зүйл нь санаанаас нь гарахгүй байв. Нэг л аймшигтай санагдсан ч шөнө нь юу ч тохиогоогүй болохоор хий юм харжээ гэсхийгээд өнгөрчээ. Тэр тухайгаа хүн хард ч хэлсэнгүй. Гэсэн ч аль болох эрт бие засч аваад амрахыг чухалчлах болжээ.  Шөнөдөө голдуу гэрэлтэй юм уу зурагтаа унтраалгүй унтдаг болсон юм байх. Ингэж байгаад нэг хэсэгтээ дасан мартагнажээ. Тэгсээр байтал бараг долоо хоносон байна. Мөн л бямба бил үү ням гарагт эртхэн ирж амрахаар шийдээд харьжээ. Оройн хоолоо хийж идчихээд зурагтаа үзэн сууж байснаа гэнэт “100” татмаар санагдаад гарсан байна. Гэрийнхээ хажуугийн бааранд ороод тал шил архи, хоёр лонх шар айраг уучихаад орж ирээд орон дээрээ хэвтээд авчээ. Нэг үеэ бодвол зориг орж байгаа гэж жигтэйхэн гэнэ. “Ямар юмных нь хий үзэгдэл байх билээ. Хэрэв байсан бол шөнө унтуулмааргүй юм. Шөнө яадаг ч үгүйг бодоход би лав хий юм харжээ. Хэрэв одоо байвал хэдэн үг сольё” гээд жорлондоо ороод энэ тэрүүгээр харсан авч ямар ч охин байсангүй. Тамхиа асааж зуучихаад, суултуур дээрээ суугаад авчээ. Нөгөө булангаас нүдээ салгасангүй. Тэнд юу ч байгаагүй аж. 

Тэгтэл нүднийх нь буланд юм хөдлөх шиг болохоор нь тэр зүг рүү хараагаа шилжүүлбэл үс нь өрвийсөн, хоёр бүлтгэр нүдэндээ инээмсэглэл тээсэн, өөдөсхөн охин хоёр өвдгөө тэврээд сууж байжээ. Согтуу байсан даа ч тэр үү зоригоо чангалан “Чи юун охин бэ?” хэмээн асуух гээд хоолой нь цахиртжээ. Гэвч зоригоо чангалан дахиад асуутал өөдөөс нь гараа сарвайснаа юу ч хэлэлгүй тэр хавьдаа уусчихаж. Ингээд том өрөөндөө орж ирээд дүү нараа дууджээ. Эмэгтэй дүү нар нь нэлээд айчихсан орж иржээ. Тэгээд ахыгаа согтуу байхыг хараад “Та шал согтуу л байна ш дээ. Согтуу байна гэдэг солиорохыг хэлдэг гээ биз дээ?” гэцгээжээ. Гэвч том эмэгтэй дүү нь “Маргааш таньдаг ламаасаа асууя. Тэр хүртэл та манайд очоод унтчих” гэсэн байна. Ингээд дүүгийндээ очиж хоноод өглөө нь  дүүгийнхээ таньдаг ламынд очжээ. Ашгүй лам нь ч байж таарсан байна. Охин дүү, хүргэн хоёр нь ахыгаа дагуулж ирсэн учрыг хэлсэн байна. Лам ахынх нь жил, мэнгийг асуугаад нэгэн судар гүйлгэж хараад ийнхүү айлдсан аж. “Гэмтэй айлын байр авчээ. Тэдний бага охин цусны өвчнөөр нас баржээ. Амьдрахын хүслэн ихтэй хүүхэд байсан болохоор сүүлдээ харагдсан хүн болгоноос аврал эрэн гараа сарвайн гуйдаг байжээ. Намайг авраач, ах аа гэдэг ч юм уу надад туслаач гэх зэргээр. Тэр хүүхдийн хамгийн хайртай тоглоом нь жорлонгийн өрөөнд орхигдсоныг гэрийнхэн нь мэдэхгүй хогтой хамт гаргаад хаячихсан бололтой. Тэрийгээ хайж сүнс нь ирдэг юм байна. Гэхдээ барагтай бол хүнд харагдаад байхааргүй юм. Та нэгэнт гэрийн эзэн болсон тул танаас тоглоомоо гуйжээ. Жижигхэн, сэгсгэр үстэй хүүхэлдэй байсан байна. Тийм хүүхэлдэй олж тавь. Тэгээд охины сүнсийг дуудаж, тоглоомыг нь үзүүлж сэтгэлийг нь амраагаад хаявал гэмгүй. Танд ямар нэг муу юм болохгүй. Зөвхөн тоглоом л нэхэж байна” гэжээ. 

Ингээд ламаа дагуулаад дэлгүүр орж бяцхан хүүхэлдэй аваад Баатарынд очжээ. Охин дүү, хүргэн хоёр нь хоол, цай болж, лам охины сүнсийг дуудах ажилдаа оржээ. Нэгэн хавтгай дөрвөлжин цаасыг аягатай усан дотор хийгээд Баатарыг тийшээ харж байхыг сануулаад номоо уншаад байж. Нөгөө цаас нь нороод усны ёроолд орчихсон байжээ. Тэгтэл гэнэт аажуухан дээшилсээр усны мандалд хөвөөд гараад иржээ. Ламтан хуруугаараа амаа дараад чимээгүй байхыг сануулаад охинд зориулсан тоглоомон хүүхэлдэйг Баатарт бариулан жорлонд нь дагуулж оржээ. Гэгээн цагаан өдөр тул гэрлийг нь унтраалган, зулын гэрэл барин орсон байна. Гэтэл нөгөө охин өнөө суудаг буландаа мөн л инээвхийлээд сууж байж. Харин яагаад ч юм энэ удаа Баатарын айдас огт хүрээгүй аж. Лам тоглоомыг нь охинд үзүүлээд номоо амандаа уншаад л байж. Охин тоглоом руугаа хэсэг гөлөрч байгаад сэтгэл нь ханав бололтой инээвхийлснээ гараа даллах шиг болжээ. Тэгээд тэр даруйдаа тэрүүхэндээ уусан одсон ажгуу. 

Лам Баатарыг өрөөнд нь дагуулж ороод дүү нарыг нь дуудан “Одоо айлтгүй ээ. Дахин хэзээ ч ирэхгүй. Тоглоомоо үзээд шинийг авч өгсөнд баярлаад бүрмөсөн явлаа. Одоо цаашид ямар нэг юм тохиохоос сэргийлдэг ном уншина” гээд хэдэн ном уншсан гэнэ. Чухам ямар ном уншсаныг нь асуугаагүй бөгөөд тэгээд ч яах билээ. Өөрийгөө Цэдэвсүрэн хэмээн танилцуулсан залуухан ламын хүч чадлыг харин биширснээр барахгүй түүнээс хойш хуурай ахан дүүс болжээ. Одоо ямар нэг юм хийхдээ түүнээс байнга асуудаг болжээ. Жишээ нь, унаагаа юүллээ гэхэд л ямар өнгөтэй, ямар тэрэг, хэзээ, хэнээс авах вэ гэх мэтээр асуугаад авахаар дараа нь ямар нэг зүйл тохиодоггүй агаад сэтгэл дагаад яг таараад байх шиг болдгийг Баатар ярьсан билээ. Гэрэл, сүүдрийн орчлонд санаанд багтамгүй, хүн итгэмээргүй зүйл зөндөө ажээ. Шинжлэх ухааны гэх мухар үнэмшилтэй хүмүүс итгэхгүй л болов уу. Юу ч байж болохыг үгүйсгэхгүйд хүрсэн олон ургальч нэгэнд бол бас ч гэж үгүйсгэх аргагүй нэгэн болой.